Ай хөөрхий 17 нас минь...Чи ахиад ирэхгүй алсын аянд одождээ.Намайг 18,19,20,21 гээд л алаг зүрхийг дэнслүүлсэн энэ хэдэн жилүүдэд хүргэж өгсөн.Би чинийхээ тухай сайхан дурсамж хөглөрүүлээд л суух боллоо.Чамтай хамт би гуниг баярыг асааж олон олон өдөр хоногийг үдсэндээ...Намар,хавар,өвөл бас зун.Бүгд чамд байсан.Ер нь байгаагүй юм байгаагүй шүү.Тэгэхэд эмээ минь байсан.Бас тэр минь байсан.Би 17н насандаа чамайг олсон.Чи мөрөө шүргэсэн үстэй,элдэв юмлуу үсчсэн хөдөлгөөнтэй бас ч муугүй толгойтой тэр үедээ л онц сурлагатан гэсэн гуншинтай борхон царайтай охин байж билээ.Тэгээд бас гуниглахдаа амархан,тэгснээ бас инээд муутай.Юу ч гэмээр юм бэ дээ нэг тийм нууцлаг мөртлөө,илэрхий цайлган, гэнэн,дотроо их уйлдаг байсан санагдана.Гэтэл цаг хугацаа чинь өөрөө их дүрсгүй юм билээ.Чамайг одоо хэн болгоов дээ.Чи улам л дотогшоо болж,заримдаа танигдахийн аргагүй тийм цоглуун... нүдээ хараар будчихаад л.Амьдрал чамд ямар ихийг хэлнэ вэ?Чи ямар ихийг үзэж,сонсож,тэр л давилуухан итгэмтгий чанараа өдрөөс өдөрт алдах юм.Чиний зүрх хэдэнтээ хуваагдаж,нийлж,бас чимээгүй уйлна вэ?Тиймээ хүмүүс бүгд л ингэдэг байх...Үгүй ч байж магадгүй.Тэр цас орох чимээг чи л мэдэрч,тэнгэрээс улаан бороо орохыг чи л харна.Навчис юу гэж үглэн дуулж,намар буцах шувууд хэнийг авч одохыг чи л таадаг.Чиний ганцаардал чамд ямар их аз жаргалыг өгдөг билээ дээ. Хаана ч байхгүй хүнийг мөрөөдөж дэрээ тэврэн гансархад чинь хоолой аргаж өөрийн эрхгүй би гунигладаг.Уйлах чинь ерөөсөө харагдахгүй юм.Нулимсаа дэрэндээ шингээжбайна уу? Эсвэл зүрхэндээ хундагалж өгөөд байна уу? Надад хэлээч дээ.Хааяахан хүний санаанд багтамгүй юм ярьж,зузаан уруулаа хазлахад чинь би хайртай.Хувь заяа гарт чинь л байх шиг.хэн ч чиний төөргийг зураагүй.Чи өөрөө л зурна.Зурахдаа таван настай хүүхэд шиг,заримдаа аугаа Винчигээс ч илүү зурчих шиг...Хүв хүйтэн гараа зүрхэн дээр минь тавиад л унтчих юм.Хар дараад лямар их тарчилж шөнийг бардагийг чи мэднэ гэжүү.Би санаж байна.Аймхай ч юм шиг,тэгснээ нэг л зоригтой үйлдлүүдийг чинь.Чи тэр үедээ хяналтаа алдчихсан байдаг....тиймээ ямар ч хяналтгүй.Цаг хугацаа яваад л байна.Энэхэн хоромд л гэхэд чи суралцаад л ,шинийг сэтгээд л ,хэн нэгэнтэй ярилцаад л үс чинь бууралтах мөчрүү дөхсөөр л байгаа.Чи санаж байна уу?Зургаан сарын цасан дээр хөл нүцгэн гүйж байснаа.Тэнд тоолоод ч барамгүй моддын дунд ганцхан мод цав цагаан байсныг.Мөчирт нь хүрэхгүй үсчээд л ...Тэр л арван долоотой охин шувууд үргэтэл инээж моддын мөчирт гунигаа өлгөөд гүйж байсан зураг одоо ч сэтгэлд минь байсаар л байна.Дурсамж гэж сонин шүү.Хүн дурсамжаар л амьсгалж,амьд явах юм даа.Тиймгүй байсан бол чиний хэн байсныг,хэзээ юу хийж байсныг энд би юунд үгүйлэн суух билээ дээ.Орой болжээ.Одод ямар аниргүй намайг ширтэж санаа алдана вэ?Би ийм байхад дуртай бас чи.Оддын нулимс хацрыг чинь илбэхэд чи түүнтэйгээ учирна.Тийм шүү,би бороог оддын нулимс гэж бодном.
Цаг хугацааны төгөлд нөмрөгөө нөмрөөд намбалагхан алхлах үед чинь хоёулаа дахиад тааралдая даа.Тэр үед магадгүй намайг хэн болсон байхыг чи хэлээд өгөөрэй.Үүнийг би чамаас л хүснэ.Яагаад гэвэл чи бид 2 нэг л хүн,нэг лзүрхтэй учраас намайг чамаас өөр сайн мэдэх хүн энэ орчлонд үгүй билээ.
No comments:
Post a Comment