Saturday, April 20, 2013

1. Миний тэмдэглэл /2013 оны 04 сарын 20/ -Бороо 
Юу гэж эхэлэхээ мэдэхгүй юм. Бүүдгэр, бүгчим, уйтгартай хэрнээ зэврүүхэн өдрүүд үргэлжилсээр л байна. Байгаль ээж ч бас над шиг бухимдуу, уйтгартай байх шиг. Уг нь өдийд хаврын бороо хацрыг минь энхрийлэн, хайрт хосуудын алганд бүжиж байдагсан. Байдаггүй шүү. Бороо хүлээж, бүлээхэн дусалд нь нортлоо зогсохыг мөрөөдсөн хүмүүсийн уртын урт жагсаалд би ч бас зогсох боллоо. Яагаад ч юм бороо л орчихвол чамдаа гомдохгүй, чинийхээ энгэрт юу ч бодолгүй эрхэлж байх юм шиг төсөөлөгдсөөр. Урьд урьдын бороонууд бүгд л дурсамж дагуулсан байдагсан. Дэндүү сайхан...эсвэл дэндүү гунигтай...Миний үгийн санд муухай гэж үг байдаггүй юм. Муухай өдөр, муухай дурсамж, муухай хүн...Би муухай гэдэг үгийг маш "муухай" гэж боддог. Тиймээс муухай гэдэг үгийн оронд "гунигтай" гэж хэлэх нь арай л дээр. Бас үнэнд ойрхон юм. Яагаад ч юм цонхонд духаа наачихаад бороон дуслыг тоолох мэт нүдээ гүйлгэн ажиж, ээж минь сонсвол гайхаж үхмээр уртаар санаа алдан дүнсийн зогсдог  жаахан охин байснаа би мартдаггүй. Бороо яагаад тийм их гунигийг даллан дууддагийн учрыг би мэдэхгүй. Магадгүй тэнгэр уйлагнахаар л гав ганцаараа байгаа мэт давчдаж, хэн нэгний энгэрт толгойгоо наачихаад эртээ одсон өвгөдийнхөө дүрийг төсөөлдөг  тэр л дотоод сэтгэлийн дуу хоолойгоо гэнэт сонсдог болохоор л тэсэхийн аргагүй их шаналан, гунигт автдаг ч юм билүү. Санаа алдахын хувьд авга эгчээсээ сурсан юм. Гэнэт л амьсгалаа огцом татаад хэнгэнэтэл санаа алдана. Түүний дэргэд байхаар  дотор эзгүйрч, дагаад санаа алдмаар, чанга чарлаад уйлчихмаар санагддаг байлаа. Ганцаараа үлдэхээр тэр дундаа бороон дусал цонх хөлөргөхөд би тэр санаа алдалтыг дуурайж, учиргүй ихээр санаа алдана. Зүггүйтэл бишээ. Яагаад гэдгийн учрыг би мэдэхгүй ч тэгж санаа алдахаар орчлон хорвоо эргэж байгааг мэдэрдэг юм. Бас хорвоо дэлхий дээр хичнээн их зүйл бүтэн бүрэлдэж, хүн гэгчийн ааш араншин хичнээн гунигт автаж байгааг ойлгох шиг, толгой руу минь тон хийгээд орох шиг болно. Юу ч билээ дээ...Өдрөөс өдөрт бодол санаа минь цэгцэрч, том хүн шиг төлөв гаргах хэрнээ хөнгөн кет өмсөөд зайрмаг долоон, айлын жаахан хүүхдүүдтэй усан буугаар шүршилцэж, автобусны араас зүүгдмээр санагдана. Хүний хүсэл хязгааргүй мөрөөдөл гэгч гайхамшигт ертөнцөөр хэн дуртай нь хэзээ ч хамаагүй аялаж болох сайхан талбар атлаа тэр бүр мөрөөдөөд байдаггүй нь гайхмаар. Мөрөөдөлдөө би алдаа бүхнээ засаж хардаг. Ирээдүйн тухай төлөвлөх нь битгий хэл бодохыг ч хүсдэггүй. Би өнөөдөр амьдарч байгаа, өнөөдрийн тэнгэр дор хайрт ээжтэйгээ утсаар ярьдагтай баярлаж явдаг. Маргаашийн тухай ярих дургүй. Маргааш гэхлээр л урьд нь хэзээ ч харж байгаагүй түгжээтэй хаалга нээгээд орох шиг...тэнд юу байхыг би таашгүй. Бас хэрхэн өөрлөгдөхийг мэдэхгүй. Тэр маргааштай нүүр тулж уулзчихаад өнөөдөр болон хувирахад нь сая л уртын урт санаа алдан сэтгэлээ амраана. Харин өнөөдөр минь намайг үүрд орхиж өчигдөр болон алслахад дурсамжийн тасагруугаа хоёр хуваан санах ойдоо түгжинэ. Өнөөх л дэндүү сайхан эсвэл гунигтай...Миний хязгаар ердөө л ийм...Ердөө л ийм. Чи миний дэндүү сайхан дурсамж уу? эсвэл гунигтай дурсамж уу? Бороотой үед бодолд минь хоргодсон хэрнээ дэндүү сайхан дурсамж болсон олон "найз" олон "тохиол" надад бий. Дахиад л борооны тухай... Үнэхээр гуниглаж байна. Хэдий тэнгэрт нар мандчихсан, салхи салхилж, цонхон дээрх цэцгүүд юу хэлэх гээд тонголзоод байгаагийн учрыг олохгүй хэрнээ бороог хүсэж байгаагаа мэдэрч байна. Бас нэгэн эрхмийг...Чи яг л бороо шиг юм...Дэндүү сайхан...эсвэл гунигтай...

No comments:

Post a Comment