Thursday, December 15, 2011

Соломон хааны сургаалаас



  • Урьд байсан юмс л бий болно. Бүтэж бүрэлдсэн бүхэн л ахиж бүрэлдэнэ. Нарны дор цоо шинэ юм гэж огтоос үгүй.
  • Ухаан мэргэнээс олон гай үүддэг. Мэдлэг нэмэгдэнэ гэдэг зовлон нэмэгдэнэ гэсэн үг.
  • Би олон юм үзсэний эцэст, эгээ л харанхуйг бодвол гэрэл гэгээ илүү хэрэгтэйн адил, мунхаг явснаас ухаантай байх нь хавьгүй чухлыг ойлгов.
  • Тэнгэрийн дор бүх юм өөрийн гэсэн цагтай. Төрөх хийгээд үхэх цаг гэж байна. Эвдэн сүйтгэх ба бүтээн босгох цаг ч гэж байна. Чулууг тарааж хаях цаг, цуглуулж овоолох цаг ч бий. Дуугүй байх цаг, бодсноо хэлэх цаг ч мөн бий.
  • Бурхан гэдэг хүмүүнийг соён гэгээрүүлэхийн тулд л юм. Учир нь хүмүүс бол малаас ер ялгаагүйг тэр л гагцаар мэднэ.
  • Бүх юм хумхийн тоосноос бий болсон. Эргээд хумхий тоос л болно.
  • Амласан бол биелүүл. Амлачихаад биелүүлэхгүй байснаас огт амлаагүй нь дээр.
  • “Ухаантан болчихлоо” гэж бодох үед минь ухаан надаас хол...
  • Мунхаг оюун ямагт өндөр албан тушаалд тохоогддог. Харин эрүүл ухаанд түүний доогуурхи нь оногддог.
  • Хаадыг аман дотроо ч бүү хараа, баячуудыг хөнжил дотроо ч битгий зүх. Ийм зүхлийг тэнгэрийн шувууд зууж аваад жигүүртнийхээ зангаар энд тэндгүй цацчихдаг юм.
  • Амаа хамхина гэдэг сэтгэлээ хямгадна гэсэн үг. Ам хэдийчинээ сул байна, төдийчинээ муу юм дагана.
  • Их инээхэд зүрх өвддөг. Баярлаж хөөрсний эцэст ямагт гуних болно.
  • Сайхан хэрнээ замбараагүй бүсгүй бол хоншоортоо алтан цагираг зүүсэн гахайнаас өөрцгүй.
  • Өөгүй дардан мэт санагдагч замууд бий л дээ. Гэвч ийм замын үзүүрт ямагт үхэл хэвтэж байдаг.
  • Маргаашаараа бүү гайхуул. Болоогүй байгаа тэр өдөр юуг ч төрүүлж мэднэ.
  • Олон хүн төр засгийн эрх баригчдаас сайн сайхныг горилж хүлээх юм. Харин хүний хувь заяа гэдэг төр засгаас биш, бурхнаас үүдэлтэй шүү дээ.
Хэрэв чамд хэн нэгэн хүмүүс: “Бидэнтэй нийл. Бид үнэт эрдэнэсийг төрөл төрлөөр нь олж, орон гэрээ олзоор дүүргэх болно” гэвэл, хүү минь, тэдэнтэй л бүү нийл.

No comments:

Post a Comment