Saturday, April 20, 2013

1. Миний тэмдэглэл /2013 оны 04 сарын 20/ -Бороо 
Юу гэж эхэлэхээ мэдэхгүй юм. Бүүдгэр, бүгчим, уйтгартай хэрнээ зэврүүхэн өдрүүд үргэлжилсээр л байна. Байгаль ээж ч бас над шиг бухимдуу, уйтгартай байх шиг. Уг нь өдийд хаврын бороо хацрыг минь энхрийлэн, хайрт хосуудын алганд бүжиж байдагсан. Байдаггүй шүү. Бороо хүлээж, бүлээхэн дусалд нь нортлоо зогсохыг мөрөөдсөн хүмүүсийн уртын урт жагсаалд би ч бас зогсох боллоо. Яагаад ч юм бороо л орчихвол чамдаа гомдохгүй, чинийхээ энгэрт юу ч бодолгүй эрхэлж байх юм шиг төсөөлөгдсөөр. Урьд урьдын бороонууд бүгд л дурсамж дагуулсан байдагсан. Дэндүү сайхан...эсвэл дэндүү гунигтай...Миний үгийн санд муухай гэж үг байдаггүй юм. Муухай өдөр, муухай дурсамж, муухай хүн...Би муухай гэдэг үгийг маш "муухай" гэж боддог. Тиймээс муухай гэдэг үгийн оронд "гунигтай" гэж хэлэх нь арай л дээр. Бас үнэнд ойрхон юм. Яагаад ч юм цонхонд духаа наачихаад бороон дуслыг тоолох мэт нүдээ гүйлгэн ажиж, ээж минь сонсвол гайхаж үхмээр уртаар санаа алдан дүнсийн зогсдог  жаахан охин байснаа би мартдаггүй. Бороо яагаад тийм их гунигийг даллан дууддагийн учрыг би мэдэхгүй. Магадгүй тэнгэр уйлагнахаар л гав ганцаараа байгаа мэт давчдаж, хэн нэгний энгэрт толгойгоо наачихаад эртээ одсон өвгөдийнхөө дүрийг төсөөлдөг  тэр л дотоод сэтгэлийн дуу хоолойгоо гэнэт сонсдог болохоор л тэсэхийн аргагүй их шаналан, гунигт автдаг ч юм билүү. Санаа алдахын хувьд авга эгчээсээ сурсан юм. Гэнэт л амьсгалаа огцом татаад хэнгэнэтэл санаа алдана. Түүний дэргэд байхаар  дотор эзгүйрч, дагаад санаа алдмаар, чанга чарлаад уйлчихмаар санагддаг байлаа. Ганцаараа үлдэхээр тэр дундаа бороон дусал цонх хөлөргөхөд би тэр санаа алдалтыг дуурайж, учиргүй ихээр санаа алдана. Зүггүйтэл бишээ. Яагаад гэдгийн учрыг би мэдэхгүй ч тэгж санаа алдахаар орчлон хорвоо эргэж байгааг мэдэрдэг юм. Бас хорвоо дэлхий дээр хичнээн их зүйл бүтэн бүрэлдэж, хүн гэгчийн ааш араншин хичнээн гунигт автаж байгааг ойлгох шиг, толгой руу минь тон хийгээд орох шиг болно. Юу ч билээ дээ...Өдрөөс өдөрт бодол санаа минь цэгцэрч, том хүн шиг төлөв гаргах хэрнээ хөнгөн кет өмсөөд зайрмаг долоон, айлын жаахан хүүхдүүдтэй усан буугаар шүршилцэж, автобусны араас зүүгдмээр санагдана. Хүний хүсэл хязгааргүй мөрөөдөл гэгч гайхамшигт ертөнцөөр хэн дуртай нь хэзээ ч хамаагүй аялаж болох сайхан талбар атлаа тэр бүр мөрөөдөөд байдаггүй нь гайхмаар. Мөрөөдөлдөө би алдаа бүхнээ засаж хардаг. Ирээдүйн тухай төлөвлөх нь битгий хэл бодохыг ч хүсдэггүй. Би өнөөдөр амьдарч байгаа, өнөөдрийн тэнгэр дор хайрт ээжтэйгээ утсаар ярьдагтай баярлаж явдаг. Маргаашийн тухай ярих дургүй. Маргааш гэхлээр л урьд нь хэзээ ч харж байгаагүй түгжээтэй хаалга нээгээд орох шиг...тэнд юу байхыг би таашгүй. Бас хэрхэн өөрлөгдөхийг мэдэхгүй. Тэр маргааштай нүүр тулж уулзчихаад өнөөдөр болон хувирахад нь сая л уртын урт санаа алдан сэтгэлээ амраана. Харин өнөөдөр минь намайг үүрд орхиж өчигдөр болон алслахад дурсамжийн тасагруугаа хоёр хуваан санах ойдоо түгжинэ. Өнөөх л дэндүү сайхан эсвэл гунигтай...Миний хязгаар ердөө л ийм...Ердөө л ийм. Чи миний дэндүү сайхан дурсамж уу? эсвэл гунигтай дурсамж уу? Бороотой үед бодолд минь хоргодсон хэрнээ дэндүү сайхан дурсамж болсон олон "найз" олон "тохиол" надад бий. Дахиад л борооны тухай... Үнэхээр гуниглаж байна. Хэдий тэнгэрт нар мандчихсан, салхи салхилж, цонхон дээрх цэцгүүд юу хэлэх гээд тонголзоод байгаагийн учрыг олохгүй хэрнээ бороог хүсэж байгаагаа мэдэрч байна. Бас нэгэн эрхмийг...Чи яг л бороо шиг юм...Дэндүү сайхан...эсвэл гунигтай...

Wednesday, March 27, 2013

гадаа нартай...халуун...гэвч
ганцхан над дээр цас орох юм
нүүр нүдгүй тэр цасан шуурга
нүгэлгүй хайртай чиний минь зүгээс шуурна
би даарна...
гунигаа үл нууна
гутралаа үл тооно
нулимс минь хацартаа мөс болон тогтож
нуруу минь хөдлөхөө болих нь...
хөл минь ч тэнцвэрээ алдаж
хүзүү минь хөшиж орхижээ
хоёр нүдийг минь цас даржээ
хөөрхий дөө...
би нэг мөсөн хөлдөж байна
битгий гэсэн ч ганц л удаа
тийм халуухнаар чамдаа дурласан юм
тэсэлгүй дандаа түрүүлж үнсдэг юм
ганцхан л удаа ингэж дурладаг юм бол
гарцаагүй чи минийх гэж итгэдэг юм бол
зүрх минь чамд сүүлийн үгээ хэлэхэд бэлэн байна
зүв зүгээр халуун илчээрээ төөнөн байна
ухаан санаа ертөнцөөс нисэн одож
ухаангүй дурласан зүрх минь л
чиний зүгрүү тэмүүлж цохилно
хөлдсөн бие, алсалсан ухаан санаа гэвч
хөрсөнгүй дээ миний сэтгэл, унтарсангүй дээ миний хайр

Thursday, December 6, 2012

Thursday, November 29, 2012

зүрхээ сонсох мөчүүдийг зүгээр л унтаж өнгөрүүлж байгаадаа харамсаж байна. гэвч би бусдын биш өөрийн сонголтоор амьдарч байгаа хүн. алдар нэр, бусдаас дэндүү содон байхад зовлон нь дэндүү их байх шиг. алдартай гэсэн хүмүүс бүгд л тийм замналаар амьдарч, амьдарч үхсэн дээ. яг л тийм. амьдрал дэндүү сонирхолтой юмаа. хэн нэгэнтэй хамт байх дэндүү сайхан. бас дэндүү аймшигтай. бас хэзээ ч уйдмааргүй. гэхдээ би бүгдийг шинэхэн байлгах гэж хичээх хэрэггүй. яагаад гэвэл бид учрах л гэж учирссан.

Wednesday, November 7, 2012

хараал идсэн шөнийн цаг мөч ямар удаан бас гунигтай
харсаар суутал дэнгийн эрвээхэй нүдэнд минь шатаж дуусна
золгүй түүнийг өрөвдөж нулимсаар нүүрээ угаахад
зовлон ганцхан минийх биш гэж ойлгоно...
гэвч цаг мөч бүхэнд яагаад...

дандаа би гунидаг гэж
далавчгүй эрвээхэй уйлдаг шиг бурхан намайг шийтгэчихсэн юмуу
асаасан тамхи цогшилгүй унтарч
араас минь тэвэрсэн хүн сүнсгүй бас дурлалгүй...дурсамжгүй
нөмгөн дээл шиг миний л энэ задгай асарт
нүцгэн үнэн үнс шиг бутарч...салхи хөлөглөнөм
би гунидаг гутардаг дандаа уйлдаг-энэ минийх
битгий сэрээ би иймээрээ дуусна...
хэн надад аз жаргал өгнө гэж........................

Friday, October 26, 2012



Дурласан хүний шүлэг
Чи  минийх болохгүй...тэгээд ч одоо харанхуй болчихжээ
Чимээгүй урсах нулимс минь...эзэнгүй бөмбөрч арганд орохгүй урсана
Хаашаа харж тайтгарал олохыг хэн ч надад хэлэхгүй тиймээс би уртаар санаа алдана
Харин чи намайг орчлонд байдгийг мартчихсан...
Цэцгэн шүхрийн дор хэн нэгэн дурлал таригчийг энхрийлэн байгаа...
            Гунигийн бороонд шүхэргүй алхаж...норчихсон яваа
Гуталгүй...хөл нүцгэнээр навчис дунд төөрчихсөн байгаа
Нэгэн эмэгтэй...
Шивнэн шивнэн зүрхэнд гуниг ургуулах чиний дүрийг
Шимширтэл дүрсэлчихээд өөрөө түүнэээсээ зугтах
Нэгэн гунигт шүлэгчин...
Цэнхэр давалгаа шиг тийм өнгийн туузаар өөртөө “унтаахай” урлачихаад
Цээжнийхээ гүн дэх зүрхэндээ суулгана- би
Чамайг бодох бүрт дэлгэрэх тэр “унтаахайг” зүрхнийхээ цусаар ургуулнаа
Чи харин надад харагдахаан болиход тэр “унтаахай” үүрд унтана...
Чимээгүй уйлдаг шигээн би ч бас чимээгүй унтана...
Дурласан хүний зовлонг дурласан тэнэг нь л ойлгох
Тийм үнэн бий...чи тиймээс мэдэхгүй...мэдэхийг ч хүсэхгүй
Дуугүй явсандаа би буруутахгүй ч...хамгийн гунигтай хайрын үхлийг ч
Тэнгэрлэг байсан даа гэж...дараа нь хүмүүс худлаа ярьдаг
Тийм үнэн ч бас бий...
Хайрыг минь олзолж, зүрхэнд минь дураараан ирж байрлачихаад
Хамгийн их зовлонг биеэр минь нэг тараачихаад...
Өндөр өсгийнтийн ганган алхаанд тархиан эргэтэл бүжин яваа
Өөлөхийн ч аргагүй сайхан чи минь...тэнгэрийн доорх амьдын шийтгэл минь
Цочрохоон больсон миний сэтгэлийн сүмд гэгээн дүрээр заларсан та
Цонхон дээрх амьд үнсэлт, амьсгалын минь баталгаа-уруулын хээнд
Хуруугаан ч болохнээ хүргээд мэндийг минь аваарай...
Хайрын минь амт ямар халуун байсныг ойлгоорой...
Чи минийх болохгүй...би л тэгж боддог бас шаналдаг
Чив чимээгүй шаналлыг хэн ч олж харахгүй дээ...”унтаахай” минь





Thursday, August 30, 2012


    Блогоороо ороогүй их уджээ. Гэнэт л тэр зургаан жилийн өмнөх зургаан сарын бороо шиг бороо өнөөдөр гэнэт ороод. Яг л уйлж хоносон шөнүүдийн минь бухимдал дэлбэ үсрэх шиг санагдаад. Сэтгэл сайхан болчихлоо. Харанхуй хавцалруу үсрээд амьд гарсан зүүдээ ярих уу. Үлгэр шиг байсан. Даанч би сэрчихсэн. Өглөө сэрүүлэг дуугараад л...дуугараад л...би утсаа тэгэхэд шидээгүй  ш дээ. Зүгээр л сэгсэийсэн үсээ илээд л босоод ирсэн. Тэгээд цонхоор ширтээд л ширтээд л. Хоёр залуу цээж нүцгэн болкон дээрээ тамхи татаж зогсохыг л тэгж их удаан ширтсэн юм. Гэнэт ээж ажлын цаг ойртсоныг сануулсан. Мөрөөдөл усанд живчих шиг санагдсан. Тэр хоёр хүнийг би тэнгэрийн элч гэж төсөөлсөн болохоор үзэн ядаж байгаа юм шиг харсаар л байсан юм. Яриад л яриад л...тэд юу ярихыг би мэдэхгүй ч бодуул мөнгөний талаар ярьсан байх. Бугуйн цаг нэгэнд хэрэгтэй байсан байхаа. Харин нэг нь үүлний цаана байгаа нарны талаар бодсон болов уу. Цонхоо онгойлгохоор би чичрээд байхад тэр хоёр нүцгэн зогсоод л зогсоод л...булчин хүнийг дааруулдаггүй байж болох ч нэг нь дэндүү туранхай байсан юм шүү.